ХАНБОГД СУМ
Ханбогд сум нь Улаанбаатар хотоос 750 км, Өмнөговь аймгийн төвөөс 290 км зайтай. Урд талаараа БНХАУ-тай хиллэдэг. Зэсийн нөөцөөрөө дэлхийд томоохонд тооцогддог Оюу Толгойн ордтой, экспортын тээвэр, гадаад худалдааны Гашуунсухайтын боомттой, хүн ам тогтвортой өсөн нэмэгдэж буй эдийн засгийн идэвхитэй бүс нутаг юм.
ТҮҮХ
Ханбогд сум 1924 онд Галба сум нэртэйгээр Хадан хошуу гэх газарт анх үүсгэн байгуулагдсанаасаа хойш 3 удаа нүүн шилжсээр 1941 онд өнөөгийн Их булаг хэмээх газарт суурьшиж хөгжсөн.
ЦАГ УУР
Монгол Улсын хамгийн дулаан цэгт тооцогддог Ханбогд сум нь зундаа +40 хэм хүртэл халж, өвөлдөө -25 хэм хүрч хүйтэрдэг байгалийн эрс тэс уур амьсгалтай.
ТҮҮХИЙН ДУРСГАЛТ, БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД
Д.Равжаа хутагтын байгуулсан алдарт Галбын гурван хийд (Дэмчог, Эрээт, Цагаантолгой), 100 модны ам, Хөдөлдөг цохио, Мэлхий хад, Хүрдэтийн агуй (Торгоны замын мөр үлдээсэн Монгол, Төвд, Хятад бичигтэй), Баяжихын агуй, Гурван зээрдийн агуй, Үлэг гүрвэлийн 20000 мөр бүхий Шар цав, Динозаврын ясны олдвортой Байшин цав, Хэмгий, Сэвхүүлийн элсэн далангууд, хүн анх үүссэн ул мөр бүхий Оцон мааньтын агуйт цохио, Хадны сүг зурагтай Жавхлант, Шийрийн уул, Түрэгийн үеийн хүн чулууны олдвор, Мангасын хүрээ гээд байгаль түүхийн тоолж баршгүй олон үзмэртэй.